students

1. Хуримтлал

Цалин авдаг япон залуусын дундаж орлого 2000 орчим ам доллар. Үүнээс тэдний байр сууцны төлбөр, нэг сард хэрэглэх хэрэглээний мөнгөө тооцоод доод тал нь 200-300 орчим долларыг банкны хадгаламжид заавал хийж заншсан байдаг. Мөнгөө цуглуулах нь тэдний дунд тогтсон нэгэн заншил, уламжлал ч гэсэн болно. Япон ахлах сургуулийн наснаас эхлэн цагийн ажил хийхийг хуулиараа зөвшөөрдөг. Иймдээ ч тэд энэ наснаас эхлээд банкинд мөнгөө хадгалах соёлд суралцаж эхэлдэг.

 

2. Амьдралын хуримтлал

Япон залуус мөнгөн хуримтлалгүй бол хурим хийх нь байж боломгүй явдал гэж үздэг. Энэ нь нэг талаараа хүний ёсноос гажууд мэт сонсогдож магадгүй. Гэвч өнөөгийн хатуу чанга эдийн засагт нийгэмд ёс журамтай, зохион байгуулалттай байсан нь ирээдүйд төрөх хүүхдэд, гэр бүлд минь хэрэгтэй гэж үздэг. Хадгаламжиндаа доод тал нь 10000 ам долларыг хуримтлуулсны дараа хүүхэдтэй болох ёстой гэсэн бодол дийлэнх Япон залуусын толгойд суусан байдаг.

3. Ажил

“Цэвүүн үе” гэж нэрлэгддэг ажил хайлтын аянд их сургуулийн 2,3-р дамжаанаас эхлэн бүх Япон оюутан нэгддэг. Ингэснээр сууж босох, хаалга нээх, үс засалт, хувцаслалт гээд тогтсон хатуу ёс жаягтай байх ажлын ярилцлагуудыг ямар ч түвшний боловсрол эзэмшсэн нэгэн төгс гүйцэтгэж чаддаг. Тэдэнд их сургуулиа төгсөөд ажил хайна гэсэн ойлголт огт байдаггүй. 4-р дамжаанд орох үед хаана ажиллахаа шийдсэн байх ёстой гэх бичигдээгүй хууль үйлчилдэг.

4. Сонирхол

Дийлэнх япон залууст өөрийн гэсэн сонин содон сонирхол, хобби гэж бий. Аялал, ном, хувцас, хөгжим, спорт гэх мэт. Тэд сонирхолдоо цаг, мөнгөө зориулж чаддаг бөгөөд гүнзгийрүүлэн судална. Жишээ нь: Кофенд дуртай охин байлаа гэж бодоход найрлага, жор хаана ямар амттай кофе байдаг гэдгийг нарийн судалсан байдаг. Эсвэл спортын аль нэг төрлийг сонирхдог бол шаардлагатай хувцас хэрэглэлийг авч цуглуулах бөгөөд тухайн спортоор төгс хичээллэж чаддаг болтлоо бэлтгэл сургуулилалт хийдэг.

5. Интернэт

Ухаалаг утасны хэрэглээ бсад оронтой харьцуулахад Японд хамгийн их байж мэднэ. Гэхдээ тэд утсыг мэдээлэл олж авах, солилцох, уншихад түлхүү зарцуулдаг нь хэрэглээнээс илт харагддаг. Япон залуус фейсбүүкт зураг хийхээс твиттерт мэдээлэл оруулах, олж авахыг илүүд үздэг. Цаг агаар, метроны цагийн хуваарь, хаана сайн үйлчилгээтэй газар байна гэхчилэн аж амьдралтай нь холбоотой мэдээлэл олж авахад ухаалаг утсыг ашигладаг. Мөн гар утсаараа интернэт худалдаа билетийн захиалга хамгийн их хийдэг хүмүүс гэвэл тэд. Бас ном, сэтгүүл унших зэрэгт утсаа маш ихээр ашигладаг.

6. Хүндлэл

Тухайн албан байгууллагад ажилласан хүн бол чиний зааварлагч багшаас ялгаагүй гэсэн бичигдээгүй хууль японд бий. Гол нь туршлага хуримтуулсан хүн аль ч албан газарт нэр хүндтэй. Тиймдээ ч тус улсад залуухан захирал тийм ч олон байдаггүй шалтгаан нь энэ. Аль ч ажлын байр, сургууль дээр өөрөөсөө насаар ахимаг, туршлага ихтэй хүнтэй харилцахдаа заавал хүндэтгэлийн үг хэрэглэж түрүүлж нөгөө хүнийхээ санал бодлыг сонсдог заншилтай. Ингэж хүндлэл үзүүлэх нь нөгөө талаараа эмх цэгцтэй, шударга баг хамт олон бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг гэж тэд үздэг юм.